Солонгосчууд киноны зах зээлд триллер төрлийн кинонуудаараа маш амжилттай нэвтэрч байгаа, энэ төрлөөрөө бараг азидаа толгой цохиж яваа, ихэнх амжилттай хийгдэж, нэр алдар олсон кинонууд нь уг төрлөөр байдаг гэхэд лав хилсдэхгүй. Худлаа гэвэл 2004 онд солонгосын найруулагч Парк Чан-Ук (Park Chan-Wook) "Хуучин хүү" (Old Boy) киногоороо Каннын кино наадмын хоёр дахь том шагнал болох Гран-приг (Grand Prix) анх удаа хүртсэн баримтыг дурьдахад болно. Тухайн жилд шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахалж байсан найруулагч Квентин Тарантинод уг кино учиргүй таалагдсан гэнэ лээ. Тэгнэ л дээ. 2008 онд СNN-ээс "Хуучин хүү"-г азийн шилдэг 10 киноны нэгээр нэрлэсэн гээд хангалттай нэр хүндийг олсон түүхтэй. Манайд ч гэсэн бараг зурагтын суваг болгоноор ээлжлэн гарч триллер төрлийн кино сонирхогчдын дунд үзээгүй хүн бараг үлдээгүй гэхэд болно биз. Ингээд та бүхэндээ шилдэг гэсэн кинонуудаас танилцуулж байна....
"Хуучин хүү"-ээс нь улбаалаад Парк Чан-Ук найруулагчийг ч хүмүүс сайн
мэднэ, энэхүү кино нь түүний өшөө хонзонгийн трилогийн хоёр дахь кино
болохыг, цаана нь "Ноён өшөө авагчийн өршөөл" (Sympathy for Mr. Vengeance) "Хадагтай өшөө авагчийн энэрэл" (Sympathy for Lady Vengeance) гэсэн
хоёр киног нэмээд уг трилоги гүйцэдгийг ч мэдэх биз ээ. Энэ чиглэлээр
сонирхож үздэг бол гурвууланг нь үзчихэд харамсахгүй. "Хадагтай өшөө
авагчийн энэрэлд" нь бидний сайн мэдэх цуцашгүй, хөдөлмөрч, сайн сайхны
биелэл болсон Жангүм тоглодог нь дүр сонголтын сонирхолтой л шийдэл.
Парк Чан-Ук найруулагчийн "Цангаа" (Thirst)
нэртэй өөр нэгэн "этгээд" кино бий. Үргэлжид хүний цусаар цангаж явдаг
санваартан цус сорогчийн тухай. Гэмгүй, сайхан сэтгэлт санваартан маань
гэнэт хараал хүрсэн аятай эмчилгээний туршилтанд ороод гарч ирсэний
дараанаас цус сорогч болон хувирах нь тэр. Санваартан-цус сорогч гэдэг
туйлын зөрчилтэй дүр. Цус сорогчийн талаарх холливуудын адал явдалт,
алаан хядаант кинонуудаас тэс өөр түүх, тэс өөр төрөл, тэс өөр хийц,
тэс өөр өгүүлэмж шүү.
Түүний өөр нэгэн үзүүштэй богино хэмжээний кино нь "Three...Extremes"
хэмээх гурван өөр орны, гурван өөр найруулагчийн богино хэмжээний
триллер, хоррор төрлийн 3 киноноос бүрдэх цуглуулгад "Сut" нэртэйгээр
багтсан байдаг. Үлдсэн хоёрынх нь нэг нь "яргалалын хаан" гэх хоч нэг
их хүндэдхээргүй найруулагч Такаши Мийкэ-гийн (Takashi Miike) "Box",
\энэ найруулагчийн талаар дараа тусдаа бичлэг оруулахаар зэхээд байгаа.
Three...Extremes (2004)
Триллер төрлийн кинонуудаараа энэ төрлийн кино сонирхогчдын мэлмийг баясгагч
Парк Чан-Ук хэмээх эрхэм.
* * *
За триллер, гэмт хэргийн төрлөөр дагнан кино хийдэг солонгосын өөр
нэгэн онцлууштай найруулагч байдаг нь Пон Жунхо (Bong Joon-ho) юм.
Түүний "Аллагын дурсамж" (Memories of Murder), "Эх" (Mother) гээд энэ чиглэлийн хоёр сайн бүтээл бий.
"Аллагын дурсамж" киногоороо олон улсад танигдаагүй хэдий ч дотоодын
кино наадмын хэд хэдэн шагнал хүртэж, Токиогийн кино наадмын "азын
шилдэг кино" төрөлд ялж, энэ тэндхийн багахан кино наадмуудаас цөөнгүй
шагнал хүртэж нэгэн шинэ залуу найруулагч гарч ирж буйг баталж, уг
бүтээлээрээ анхны нэр хүндээ олж авсан юм.
Киноны үйл явдлыг тоймловол:
солонгосын жижигхэн сууринд эмэгтэйчүүдийг хүлээд, хүчиндэж алсан
цуврал гэмт хэрэг гарч эхэлнэ. Нэг нь сөүлээс ирсэн, нөгөө нь уг
суурингийн олон хэрэгт дөжирч, архагшсан хоёр мөрдөгч хэргийг мөрдөж
эхлэх ба эцэст нь алуурчныг илрүүлэх сэжүүрээс атгах авч киноны төгсгөл
чухам хэн алуурчин байв гэх хариултыг үзэгчдэд нэг мөр өгөлгүй орхидог.
"Эх" кино миний бодлоор түүний хамгийн сайн бүтээл нь байх. Азийн кино
наадмаас шилдэг кино, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг кино зохиол
шагналуудыг түүжээ, АНУ-ын мужийн кино наадмуудаас шилдэг гадаад хэл
дээрх кино шагналыг цөөнгүй хүртсэн байна.
Нэгэн эх хэдийн насанд хүрсэн боловч оюун ухааны хомсдолтой хүүтэйгээ
солонгосын жижигхэн хотод амьдардаг. Уг хотод арван жилийн охины амийг
хороосон гэмт хэрэг гарч, өнөөх оюун, ухааны сааталтай хүүг нь
сэжигтнээр татчихдаг. Хүүгээ мөрдөн шалгагдаад хоригдож байх хугацаанд
эх нь хүүгийнхээ буруугүйг нотлох гэж амь тэмцэн зүтгэнэ. Хүүгийнхээ
төлөө үхэхээс ч буцахгүй цуцашгүй сэтгэлт эх хүнтэй хамт үзэгчид
хэргийн учгийг бага багаар тайлсаар байх авч кино төгсөх агшинд харин
эх хүү хоёр харин хэн болж хувирав?
"Токио" хэмээх гурван уран бүтээлчийн богино хэмжээний 3 киноноос бүрдсэн цуглуулгад Пон
Жунхо найруулагчийн бүтээл багтсан байдаг юм билээ. Би хувьдаа уг киног
үзээгүй, үзсэн ихэнх хүмүүс нь ам сайтай байх юм билээ, та хүсвэл олж
үзнэ биз ээ.
Эцэст нь сонирхуулж хэлэхэд Пон Жунхо найруулагч 2011 оны Каннын кино
наадмын "Алтан Камер" шагналыг тодруулахад ерөнхий шүүгчээр ажилласан
юм билээ. Уг шагналыг анх удаа бүтээл туурвиж буй шилдэг шинэ залуу
найруулагчдад олгодог.
Тэр нэг ийм хүн байх.
* * *
Олон улсад танигдсан нэр хүнд, бүтээлийн чансаагаар өмнөх хоёроосоо
дутахгүй өөр нэгэн найруулагч байдаг нь Ким Жэ-Вун юм. Түүний ихэнх
сайн кинонууд мөн триллер, хоррор төрлөөр хийгдсэн байдаг. Миний
үзсэнээс "A Tale of Two Sisters" гээд сэтгэлзүйн аймшгийн кино, гэмт хэрэг, триллер төрлөөр "Bittersweet life", "I saw the devil" гээд нийт гурван кино байна.
Эхний "Эгч дүүсийн түүх" нэртэй кино нь шүүмжлэгч, үзэгчдийн аль
алинаас сайн үнэлгээ авч, багагүй нэр хүнд олж цаашлаад 2009 онд
холливүүд өөрсдийн хувилбараар "The uninvited" нэрээр дахин хийсэн
байна лээ. Сэтгэлзүйн аймшиг дотроо зохиол, хийц сайтай киноны тоонд
зүй ёсоор тооцогдох байх.
"Bittersweet life" нь харин тун дажгүй кино. Гэмт хэрэг, эмгэнэлт
төрөлд багтах юм уу даа. Эцсийн мөчид гол дүрийн өмнөөс харамсаж,
халагламаар байдалд үзэгчийг оруулдаг, нэг тиймэрхүү.
Ким Жэ-Вун найруулагчийн хамгийн хүчтэй бүтээл нь "Би биелсэн чөтгөр харсан"
хэмээх триллер төрлийн кино юм. "Хуучин хүү" шиг өгүүлэмжийн гүн ээдрээ
бага ч яах аргагүй хүчтэй бүтээл. Дашрамд дурьдахад "Хуучин хүү", "Галт
зурлага" (The painted fire) зэрэг кинонд бүтээсэн бишрэм дүрүүдээр нь
бидний сайн мэдэх солонгосын жүжигчин Чой Мин Сик (Choi Min-sik) нэг
хэсэг солонгосын кино дэлгэцийн квотын системд (Гадаадын кино
үйлдвэрлэлээс дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор 1 жилд
кинотеатруудад гарах дотоодын киноны эзлэх доод хувийг дэлгэцэнд гарсан
цагаар хэмжин хуульчлан зааж өгөх төрийн бодлого) гарсан өөрчлөлтийг
эсэргүүцэж кинонд тоглохоос татгалзаж байгаад эцэстээ уг киноны цуврал
алуурчны дүрд тоглохоор зөвшөөрсөн ажээ. Үйл явдлын гол зангилаа нь энэ
улсын триллер төрлийн киноны "сонгодог" сэдэв болох өш хонзон.
Нэгэн цастай үдэш 30 орчим насны цэвэрхэн, энгийн төрхтэй эмэгтэй машин
барьж яваагаар кино эхлэнэ. Удалгүй эмэгтэй нөхөр лүүгээ залгаж,
өнөөдөр оройтохгүй ирнэ гэж амласныг нь сануулах авч нөхөр нь мөрдөгч
бололтой хэргийн газарт мөрдлөг хийгээд завгүй, удахгүй очно гэж
аргалаад утсаа тасалдаг. Тэгж байтал замын хажууханд аваарын гэрлээ
асааж машинаа зогсоосон, нэлээд сандарч тэвдсэн төрхтэй дундаж насны
эрэгтэй гар өргөн зогсохыг өнөө эмэгтэй хараад туслах санаатай машинаа
зогсоож яасныг нь лавлаж асууна. Гэтэл өнөөх нь машиныхаа багаажнаас
лоом гаргаж ирээд яах ийхийн зуургүй өнөө эмэгтэйн машины цонхыг хагалж
машинаас чирч гаргаад аваад явчихна. За тэгээд өнөөх эмэгтэйг том
зооринд аваачаад "би жирэмсэн, намайг битгий алаач" гээд гуйгаад байхад
нь хэнэг ч үгүй хэрцгийгээр хороож орхидог. Удалгүй мөрдөн байцаагч
нөхөр нь эхнэрээ аймшигтайгаар тамлагдан алагдсаныг олж эхнэрийнхээ өш
хонзонг авахаар албан тушаалаасаа ашиглаж хувийн мөрдлөг хийж, алуурчны
араас улангасан мөшгиж эхэлдэг. Эцэстээ эхнэрийг нь алсан алуурчныг
олох агаад кино төгсөхөд хүйтэн цуст цуврал алуурчин, өшөө хорсолдоо
шатсан мөрдөгч хоёрын хэн нь чухам биелсэн чөтгөр байв аа хэмээх
асуултыг үзэгч өөрөөсөө асуух биз. Кино эхлэхэд "чөтгөр" нь гарцаа
байхгүй хэрцгий алуурчин байх авч кино төгсөх хүртэлх үйл явцад
хорсолдоо зангирсан нөхөр өнөөх алуурчнаас ч үл ялгагдам харгислалыг
үйлддэг нь үзэгчдийг асуулт, эргэлзээнд оруулах гол сэдэл нь болно.
Хамгийн гол нь нөхөр хүйтэн цуст алуурчин эхнэрийг нь алж байхад бусдын
тарьсан гэмт хэргийг мөрдөөд туйлын завгүй явсан, үргэлж л ажилтай гээд
эхнэрээ хайхрадаггүй байдал нь эцэстээ ийм үр дүнд хүргэсэн мэт
санагдан өөрийгөө буруутгах сэтгэл өш хонзонг нь улам дэврээж,
хурцалсан болов уу. Киног эргэцүүлэх явцдаа эцэстээ хүний мөн чанарын
тухай бодол руу орж байгаа юм. Хэрцгийллийг хэрцгийллээр, мууг муугаар
хариулах ёстой юу? Хэрэв тэгвэл үзэн ядаж, өшиж хорсоод байсан өнөөх
муу муухай, хэрцгийгээсээ ялгаагүй болдог юм биш биз? Хүний дотор ер нь
нөхцөл байдал бүрэлдэх л юм бол гарахаа хүлээгээд бурхан, чөтгөр хоёр
зэрэгцээд сууж байдаг юм биш биз дээ? Тийм байж магадгүй гэсэн
хариултанд тулж очоод байгаа юм. Зарим хүн бурханлиг талаа, зарим хүн
чөтгөрөө ил гаргадаг. Ихэнх нь нөхцөл байдлын боолчлолд л байдаг, тун
цөөхөн хүн нөхцөл байдлаа давж гардаг. Тийм болохоор л яг адилхан хоёр
орчинд өссөн хүүхдийн нэг нь цуврал алуурчин, нөгөө нь эмч болдог.
Нөхцөл байдлаас гадна хүний суурь өгөгдөл, төрөлх авир гээд олон
зүйлийг нөлөөлөх хүчин зүйлд тооцож болох биз. Энэ бүгд шүтэн барилдаад
л сайн, муу хүмүүсийг төрүүлнэ. Кинон дээрх эхнэрээ алуулсан нөхрийн
хувьд өөрийгөө буруутгах гэм буруу улангасал, хэрцгийллийнх нь гол
шалтгаан байсан, цаашлах тусам үйлдэлдээ улам ороогдсоор эцэстээ
хязгаараа давж, хүн төрхөө гээж "чөтгөр" шиг болох замаар өөрийгөө ч
шийтгэж, эхнэрийг нь алсан хүнийг ч цээрлүүлж байна. Хүнд кино, дээрээс
нь яргалал, тамлалын элементүүдийг туйлын бодитой үзүүлснийг ч хэлэх
үү.
* * *
Chaser (2009)
Энэ чиглэлээр сонирхож үздэг хүмүүс үзэхэд хэзээ ч харамсхааргүй кино.
Яргалал, хүчирхийллээс илүүтэй аазгай хөдөлгөж, бачимдуулсан үйл
явдлаар үзэгчдээ татах кино гэж болно. Хуучин мөрдөгч байсан эр
амьдралын эрхээр биеэ үнэлэгчдийн жуучлагч, босс болж хувирчээ. Нэгэн
шөнө утсаар захиалга ирэхэд ханиад хүрээд бие нь тааруухан байгаа
ажилтнаа шахсаар байгаад ажилд нь гаргуулдаг. Гэтэл үйлчлүүлэгч нь
эмэгтэйчүүдийн тархийг цүүцээр хага цохиж алдаг гаж донтой цуврал
алуурчин байх нь тэр. Хуучин мөрдөгч байсан туршлагатай, тэгээд ч хүн
чанараа бүр мөсөн гээчихээгүй босс шахсаар байгаад явуулсан ажилтан нь
ор сураггүй болчихоор араас нь мөрдөж хайсаар байгаад алуурчныг олох
боловч...
Bedevilled (2010)
Сэтгэлийг чулуугаар дарсан мэт хүнд болгох кино. Эмэгтэй хүний хувьд ялангуяа эмэгтэй хүний зовлон, арчаагүй, сул дорой байдал нь эцэстээ тулж дэлбэрэхээр аймшигт аллага, хядлага болон хувирахыг үзэхэд хүнд байлаа. Яасан ч хэцүү амьдрал, ямар ч өршөөлгүй хувь тавилан юм, сэтгэл ихээр өвдсөн.
Man from nowhere (2010)Сэтгэлийг чулуугаар дарсан мэт хүнд болгох кино. Эмэгтэй хүний хувьд ялангуяа эмэгтэй хүний зовлон, арчаагүй, сул дорой байдал нь эцэстээ тулж дэлбэрэхээр аймшигт аллага, хядлага болон хувирахыг үзэхэд хүнд байлаа. Яасан ч хэцүү амьдрал, ямар ч өршөөлгүй хувь тавилан юм, сэтгэл ихээр өвдсөн.
Адал явдал, гэмт хэрэг гэсэн төрөлд хамаарах нэг талаар сэтгэл өвтгөсөн, нөгөө талаар сонирхолтой кино. Энэ төрлийн солонгос кинонуудаас гарцаагүй сайн болсон бүтээл. Яргалал, хүчирхийлэл багатай адал явдал, тулаант төрөл рүү түлхүү чиглэсэн учраас олон нийтийн зүүгээс нэлээд талархал хүртэж багагүй ашиг орлого цуглуулж, манайд ч цөөнгүй телевизийн сувгаар гарч, интернэтийн сайтуудад тавигдаж олон хүн энэ киног үзсэн, харьцангуй сайн мэдэх биз, олон юм нуршаад яахав.
Blind (2011)
Драмa, триллер, адал явдал төрөлд хамаарна. Товчхондоо цагдаагийн сургуулийн эмэгтэй сонсогч дүүгээ шөнийн цэнгээний газар найзуудтайгаа реп бүжиг хийж байхад нь давхиж хүрээд хичээл номоо хийхгүй дэмий балай зүйл хөөлөө гэж загнасаар зөрүүдлээд байгаа дүүгээ машин дотроо гавлаад аваад явна, гэр лүүгээ буцах замдаа осолд орж гавлаатай дүү нь машинаасаа гарч чадалгүй гүүрнээс унаж амиа алдаад, өөрөө насан туршдаа сохор болж байгаараар кино эхэлдэг юм. Сохорч, дүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутгаж бие, сэтгэлийн хувьд давхар эрэмдэг болсон залуухан эмэгтэй үлгэн салган л амьдрахчаан болно. Гэтэл нэгэн өдөр эмэгтэйчүүдийг алдаг цуврал алуурчинтай учирч азаар амь гарах ба олзоо алдсан алуурчин сохор эмэгтэйг гүйцээх гэж ангуучилж эхэлдэг.
-------------- GoKpop.Org --------------