Японы олон ангит "Хувин дүүрэн нулимс” киног уншигчид маань санаж байгаа байх. Эдгэшгүй хүнд өвчин тусаад түүнтэйгээ удтал тэмцсэний эцэст хорь ч хүрээгүй цэл залуу насандаа хорвоог орхисон охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино япон төдийгүй олон улсын хэмжээнд ихээхэн амжилтанд хүрсэн билээ. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, загвар өмсөгч Саважири Эрика-гийн тухай мэдээллийг уншигчиддаа хүргэхэд таатай байна.
Япон эцэг, Франц ээжтэй Саважири Японы Токио хотод 1986 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн. Жүжигчин, дуучин мэргэжилтэй.
Тэрээр урлагт бага сургуулийн 6-р ангиасаа хөл тавьсан нэгэн. Япон охидын дунд маш их нэр хүндтэй "Ribon”, "Nicola” зэрэг сэтгүүлийн моделиор ажиллаж, "Fuji” телевизийн оны шилдэг "Хатан хаан”-аар тодорч, чухам энэ үеэс урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж амжилтын шатаар өгсөх болсон юм. 2003 онд "TBS” телевизийн "Hottoman” олон ангит кинонд анх удаагаа тоглож, чамгүй авъяаслаг жүжигчин болохоо харуулжээ. Үүний дараа жил алгасалгүй тоглосон "Асуудалгүй бид”, "Хувин дүүрэн нулимс” "Нарны дуу” зэрэг киноны дүрүүд нь түүнийг алдаршихад хамгийн ихээр нөлөөлсөн байна. "Нарны дуу” киноныхоо гол дүр болох Amane Kaoru-ийн нэрээр анхны цомгоо гаргаж дуулах гараагаа эхэлснээр Саважиригийн жүжиглэх дуулах гээд олон чадварыг нь үзэгч шүтэн бишрэгчид нь өндрөөр үнэлэх болсон юм.
Залуу жүжигчин, дуучин маань 2006 онд 43 дахь удаагаа зохион байгуулагдсан "Golden arrow” хэмээх шинэ эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн бөгөөд мөн ондоо "Oricon chart”-д анхны бие даан гаргасан цомог нь хоёр долоо хоногийн туршид жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус цомог худалдаанд гарсан цагаас хойш таван долоо хоног шилдгээр шалгарч байжээ.
2007 оны 9-р сарын 29-ний өдөр гол дүрд нь тоглосон "Хаалттай тэмдэглэл” киноныхоо нээлтэн дээр "Олон шүтэн бишрэгч, сэтгүүлчдийн өмнө ууртай, бухимдсан царай гаргасан” гэж хатуу шүүмжлэл хүртжээ. Нэлээдгүй хүний дургүйцлийг хүргэсэн уг явдалд тэрбээр албан ёсны мэдэгдэл хийсэн төдийгүй хэд хэдэн нэвтрүүлэг, ярилцлагад нулимс дуслуулан уучлалт гуйжээ. Гэвч 2010 оны "CNN” телевизийн англи хэл дээрх ярилцлагадаа "Тэр явдалд уучлалт гуйсан нь алдаа байсан юм. Би өөрийнхөөрөө л байхыг хүсэж байна. Цаашид ч тийм байх болно” гэж ярьжээ.
Саважири
Эрика 2009 оны нэг дүгээр сарын 7-нд 22 насаар ах Цуёоши Такаширотой
гэрлэсэн боловч удалгүй салах өргөдлөө өгч, тус тусын амьдралаар
амьдарч байгаа аж. Түүний тухай өөр нэг таагүй мэдээ нь "Star dust
promotion”-аас гэрээгээ цуцалсан явдал байлаа. Учир нь бүсгүй энэ үеэс
жүжигчнийхээ ажлыг зогсоож Францад амьдрах болсон юм. Авъяаслаг,
үзэсгэлэнтэй Саважири Эрикаг урлагийн тайзнаа эргэн ирэхийг шүтэн
бишрэгчид нь нууцхан хүлээн горьдлого тээсээр байна.